Зуны амралтаараа аялахад хамгийн тохиромжтой 5 газар

A- A A+
Зуны амралтаараа аялахад  хамгийн тохиромжтой 5 газар

Зуны зугаатай цаг айсуй. Зуны улиралд бүгд л хаа нэгтээ аялж, амрахыг хүсдэг. Энэ зун амралтаараа хаашаа аялахаа хараахан төлөвлөж амжаагүй байгаа хүмүүст зориулан бид зургаадугаар сард аялахад хамгийн тохиромжтой таван газрыг санал болгож байна.

1. Вьетнам, Сапа

Зуны амралтаа өнгөрүүлэхэд тохиромжтой сонирхолтой газруудын нэг бол Вьетнамын Сапа хот юм. Нэгэн үед энэ хотод францын сувиллын амралтууд байршдаг байсан бол, одоо энэ газар нь үүргэвчтэй аялал хийхэд тохиромжтой, заавал очиж үзэх хэрэгтэй Азийн нэгэн жуулчны цэг болсон билээ. Эцэс төгсгөлгүй будааны талбай, нууцлаг хулсан ой, цэвэр агаар болон өндөр уулын орой зэрэг нь амралтаа байгальд өнгөрүүлэх дуртай хүмүүст гарцаагүй таалагдана. Сапагаас 17 километрийн зайд мөн 100 метрийн өндөртэй Тхак-Бак хүрхрээ байрлана. Зургаадугаар сард Сапад тийм ч халуун биш, дулаахан байдаг бол, долоодугаар сард борооны улирал эхэлж, өвлийн улиралд манан бүрхдэг байна.

2. Узбекистан, Бухар

Хүмүүсийн тэр бүр зорьдоггүй эртний Бухар хотод алхам бүрт түүхэн, дурсгалт газрууд тааралддаг. Тэр ч бүү хэл Бухарын түүхэн төв нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өв хөрөнгийн жагсаалтад багтсан байдаг. Энэ хотод хаа сайгүй бөмбөгөр оройтой сүм, мозаикаар хучигдсан байшин ба барилгууд сүндэрлэнэ. Түүнчлэн Регистан нэртэй талбай дээр "Арк" гэх бухарын эмирүүдэд зориулагдсан зуны үзэсгэлэнт өргөө байрлана.

3. Австри, Вена

Венаг дэлхийн нийт урлагийн хот хэмээн нэрлэдэг. Энд 80 гаруй музей байрладаг бөгөөд тэр дунд Зигмунд Фрейдын музей хүртэл бий. Хаант улсын архитектур сонирхдог хүмүүс Вена хотын Хофбург, Бельведер, Шенбрунн гэх зэрэг барокко хэв маяг бүхий гоёмсог харшуудаар зочлох хэрэгтэй. Мөн орд харшаас гадна энд амьтны хүрээлэнгээр ч зочилж болно. Аялагчид түүнчлэн Венад алдарт өрмөнцөр, штрудел, "Захер" шоколадтай бялуу болон марципан чихэр амтлахаар зорин очдог. Энэ бүгдээс гадна Вена руу аялах бас нэгэн шалтгаан бол зургаадугаар сарын 2-5 өдрүүдэд зохион байгуулагдах "Rock in Vienna" хөгжмийн наадам юм. Энэ жил уг наадамд Kings of Leon хамтлаг оролцох гэнэ.

4. Перу, Лима

Хэрвээ Испанийн алтан үеийн ул мөрийг өөрийн нүдээр харахыг хүсвэл Перугийн нийслэл Лима хотыг зориорой. Лима хот нь газар зүйн их нээлтийн үед Испанийн колони хот болон байгуулагдсан бөгөөд хотын эртний дурсгалт газрууд одоог хүртэл хадгалагдан үлдсэн байдаг. Испани хэв маягийн харш, Ерөнхийлөгчийн ордон, Барранко нэртэй хотын хамгийн романтик дүүрэг гээд энэ хотод үзэх зүйл их бий. Аялагчид мөн энэтхэг захаар орон гар аргаар хийсэн бэлэг дурсгал, өнгөлөг пончо, энэтхэгийн уламжлалт сампоньо лимбэ гэх зэрэг сонирхол татах олон зүйлс олж харах боломжтой. Лимагийн бас нэгэн сонирхолтой цэгүүдийн нэг бол 10 мянган өндөгний цагаан болон цементийн зуурмагаар баригдсан 1608 оны "өндгөн гүүр" юм. Түүнчлэн хотоос 3-4 цагийн зайд орших Паракас үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хажууханд нь байрших Бальестас арлаар зочлон далайн арслан, оцон шувуу гэх зэрэг олон төрлийн амьтдын амьдралыг ажиглах боломжтой. 

5. Мальта, Валлетта

Мальта арлын Валлетта нийслэл хот нь 1980 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өв хөрөнгийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Валлеттад Итали хэв маягийн барилгууд болон олон тооны сүм, дуганаар зочилж, эртний хотын архитектурыг сонирхох боломжтой юм. Валлеттагийн Дүрслэх урлагийн үндэсний музейд Микеланжелогийн алдарт "Beheading of St John the Baptist" бүтээл хадгалагддаг. Харин Валлетта хотоос 15 минутын зайд үзэсгэлэнт Слима хот байрлана. Энд далай ширтэж, наран шарлагын газар тухалж болно.