Богино зам туулан гэр бүл, найзуудаараа хямд зардлаар аялах Бээжин хотод дараах 10 зүйлсийг хийж үзэхийг зөвлөж байна.
1. Хориотой хотоор алхах
15-р зууны үед баригдаж, ашиглагдаж байсан энэхүү хот нь одоогоор 19 сая.ам долларын үнэтэй хэмээн тогтоогдсон дэлхийн томоохон модон байгууламжуудын нэг ба жилд дунджаар 15 сая жуулчин зорин очдог байна. Хориотой хотод орох тасалбарыг урьдчилан захиалах шаардлагатай, учир нь улсаас өдөрт 80.000 жуулчин авах хязгаар тогтоосон аж.
Сонирхуулахад Хуан Жу Гэг киноны зураг авалтын Хориотой хотод хийхээр төлөвлөж байсан боловч тус газрын хөлсийг төлөх боломжгүй байсан учир Chengde Mountain Resort-д хийсэн байна.
2. Universal студи үзэх
Дэлхийн хамгийн том Universal студио ердөө 1100 километрийн зайд ирээд багагүй хугацаа өнгөрчээ. Кунг Фу Панда, Харри Поттер, Минионы ертөнц, Jurassic World, Transformers, Bumble Bee зэрэг 17 үзвэрийн хэсгүүдтэй уг байгууламжаар нэг өдөрт багтаан эсвэл долоо хоног ч аялах олон сонирхолтой зүйлс бий. Аялагч өөрийн хүссэнээр үзвэрүүдээс сонгон үзэх боломжтой ба үзвэрүүд болон зочид буудалд амрах зардал ойролцоогоор 1сая ₮ -с эхэлнэ. Universal Studio-ийн зочид буудалд амарч болох ч аялагч хүссэн газартаа байрлах боломжтой.
3. Цагаан хэрмээр аялж түүхэн гайхамшгийг мэдрэх
Дэлхийн гайхамшгуудын нэгт зүй ёсоор багтдаг Цагаан хэрмийг заавал очиж үзэхийг зөвлөж байна. Их Монгол улсын 100 мянган цэрэг дөрөв дахин их Алтан улсын цэргүүдтэй байлдан ялалт байгуулсан түүхэн дурсгалт газар болох “Үнэгэн даваа” замд тааралдах бөгөөд одоо үед аялал жуулчлалын томоохон төв болон хөгжсөн байна. Түүнчлэн хэрмийн орчимд харьцангуй бэрх хэмээн тооцогддог явган алхахад зориулсан 5км урттай зам байдаг бөгөөд 2-3 цаг үргэлжлэх аялал юм. Хэрэв та ууланд алхах дуртай бол Хятадын үзэсгэлэнт байгалийг тольдонгоо өөрийгөө сориорой.
4. 798 Art District
Нэг дор хуучин ба шинэ зэрэгцэн оршдог олон зууны түүхийг шингээсэн Бээжин хотыг орчин үеийн төрхөөр нь тэр тусмаа урлаг талаас нь танин мэдэхийг хүсвэл энэхүү газрыг зорихыг санал болгож байна.
80-аад оны үеэс эхлэн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсож хаягдсан боловч төрөл бүрийн урсгалын артистууд өөрсдийн студийг нээж эхэлснээр шинэ хотын өнгө төрхийг илэрхийлсэн залуусын очих дуртай газруудын нэг болсон байна. Энд бараг л өдөр бүр шинэ үзэсгэлэн, галлериа танилцуулагддаг ба эргэн тойронд кафе, баар гээд сонирхолтой үйлчилгээний газрууд бий. Хэрэв та ганцаараа эсвэл найзуудаараа Бээжин хотоор аялахаар төлөвлөж байгаа бол нэг өдрийг энэ хэсэгт зарцуулаарай.
5. Олимпын ордонд зочлох
Бээжингийн аяллыг Олимпын ордонд зочлохгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бидний сайн мэдэхээр Шувууны үүр болон түүний хажууд Усан спортын үндэсний төв байрлах ба түүний дотор Усан Паркт өдрийг өнгөрөөх боломжтой. Тасалбарын үнэ зуны улиралд $29.65 буюу ойролцоогоор 100 мянган төгрөг байдаг. Зөвлөмж: Шувууны үүрний дотор тийм ч сонирхолтой зүйл байхгүй учир алгасаж болно.
6. Wangfujing шөнийн зах
Хэрэв та сонирхолтой, гаж гэж хэлж болохуйц хоолнууд туршиж үзэхийг хүсвэл таны зорих газар бол Wangfujing шөнийн зах. Энд хятадын төрөл бүрийн гудамжны хоол болон зууш зарах ба шарсан хилэнцээс эхлээд шарсан торгоны авгалдай хүртэл байдаг. Магадгүй танд далайн морины мах ч таалагдаж болох юм.
7. Бээжингийн шөнөөр аялах
Шөнө нь өдөр шиг гэрэлтэй байдаг хот бол Бээжин. Залуусын ихэвчлэн очдог хэд хэдэн газрууд байдаг ба түүнээс дурдвал, Wudaokou - оюутны гэж нэрлэгдэх энэ газарт илүү хямдаар наргиж болно. Sanlitun - залуу ажилчид болон гадаад хүмүүсийн ихэвчлэн очдог газар бөгөөд тоолж баршгүй олон баар, шөнийн клубтэй. Хэрэв амьд хөгжим болон жижиг газарт суухыг илүүд үзэх бол Gulou-руу яваарай.
8. Задгай шар айраг амтлах
Хятад хүмүүс шар айраг уух дуртай байдаг боловч жуулчдын хувд нэг асуудал тулгардаг нь “амт” бөгөөд ихэвчлэн усархаг, алкохолны хэмжээ өндөртэй байдаг. Гэсэн ч Хятадын нэрийн хуудас болсон Honey Ma Gold мөн Slow boat, Jing-A, Greap leap зэрэг шар айргийг амсаж үзээрэй.
Нэгэн үдшийг шинэ хүмүүстэй танилцан, чөлөөтэй өнгөрөөхийг хүсвэл Jing-A Brewpub Xingfucun-г зориорой. Энд 22 төрлийн өөр өөр амтыг санал болгох ба жуулчдын очих дуртай газруудын нэг юм.
9. Торгоны захаар орох
Торгоны зам худалдааны төв 35000 мк талбайд, 3000 орчим хүн худалдаа наймаа эрхэлдэг бөгөөд амралтын өдрүүдээр л гэхэд 50000 хүн зочилж очдог байна. ADIDSA ADDISA гэсэн бичигтэй цамц олж болох газар юм. Гэсэн ч бэлэг дурсгалын зүйлс авах бол хамгийн их сонголттой байх болно.
10. Завьтай аялах
Бээжин хотод хүний гараар бүтсэн гурван нуур байдаг нь эрт үед Хятадын хааны удмынхан цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж байсан ба одоо жуулчид болон залуусын цагаа өнгөрөөдөг хэсэг болсон байна. Та явганаар, дугуй түрээслэн эсвэл завиар нуурыг үзэж болно. Завинд суухад тогтсон үнэ байдаггүй, гадаад хүмүүст ихэвчлэн өндөр үнэ хэлдэг учир доош ярихдаа* бэлдээрэй. Харин та найзуудаараа цагт баригдалгүй явж байгаа бол зууш болон амттан аваад завь түрээслэн нэг үдшийг хөгжилтэй сонирхолтой өнгөрөөх боломжтой. Мэдээж өмнө нь завиар явж байгаагүй бол аюултай гэдгийг анхаараарай.