Индонезийн Бали арал дахь тансаг буудал Hanging Garden
Романтик цаг мөчүүдийг хамтдаа өнгөрөөх гэсэн хосууд, ялангуяа бал сараа мартагдашгүй сайхан тэмдэглэхийг хүссэн залуус дэлхийн өнцөг булан бүрээс Индонезийн Бали арлыг зорьдог. Тэр дундаа онцгой дурсамжит цаг мөчөө онцгой сайхан газар өнгөрөөхийг хүссэн хүмүүсийн тусгайлан зорьж очдог газар бол Балигийн “Hanging Garden” нэртэй ширэнгэн ойн зүрхэнд орших тансаг амралтын цогцолбор билээ. Бал сараа өнгөрөөх тохиромжтой Бали дахь газруудын дугаар нэгд өрсөлдөгчгүй жагсдаг уг газар Балигийн Убудын төвөөс ердөө 30 минутын зайтай, Паянган тосгоны ойролцоо байрладаг.
Яг л диваажин мэт байгалийн үзэсгэлэнт газар байрлах бөгөөд ширэнгэн ойн нам гүм байдал, гайхалтай үзэмж, тансаг байр сууц, үйлчилгээ нь хосуудад тэдэнд л зориулсан мэт тусгаар ертөнц нь болж чаддаг байна. Үзэсгэлэнт Аюунг гол, эртний Далем Сегара сүмийг харах боломжтой ширэнгэн ойн өндөрлөг дэнжид байрладаг бөгөөд дэлхийн анхны долоон одтой нэрийн зочид буудал"-аар тодорсон газар гэхээр л чанар чансаа нь тодорхой биз ээ.
Уг амралтын цогцолборыг 2005 онд барьсан ба Балигийн ширэнгэн ойн зүрхэнд ид шидийн гэмээр жинхэнэ тансаг газрыг бүтээхийг зорьсон нь биелэлээ олсон гэж болно. Орон нутгийн 700 гар урчууд уламжлалт материалыг ашиглаж бүтээсэн бөгөөд 44 гайхалтай байрны өрөө бүр нь тансаг гар хийцийн тавилга, чамин даавуу, задгай зоогийн газар, мастер угаалгын өрөө, орчин үеийн болон бали арлын өнгө төрхийг мэдрүүлэх хослуулсан загвар дизайнтай.
Байрнууд дороо өндөр баганатай учир өндөрлөгт байрладаг, мөн шалнаас тайз хүртэл том цонхтой барьсан нь эргэн тойрныг, ширэнгэн ойн үзэмжийг харахад тохиромжтойгоор болгожээ. Хамгийн гайхалтай, зочдын таашаалд зуун хувь нийцдэг нь усан сан юм. Чадварлаг архитекторын зохион бүтээсэн энэхүү гадаах усан санд хэвтэхдээ ширэнгэн ойн дээгүүр хөвөх мэт өвөрмөц мэдрэмжийг авах бөгөөд тансаг зэрэглэлийн аялагчдад зориулан гаргадаг “Condé Nast Traveller” сэтгүүлээс уг газрын усан санг "Дэлхийн шилдэг усан бассейн"-аар шалгаруулсан байдаг.