Амрагчдаа тав тухаар “дайлах”-даа байгалиа золиослодоггүй Glamping аялал
Тансаг зочид буудлын тав тухыг зэрлэг байгаль дахь зөөврийн сууцтай кэмпээс мэдрэх боломжийг санал болгодог Glamping аялал дэлхий дахинд трэнд болж байна. Үүний хажуугаар дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдлын асуудал дэлхийд хурцаар тавигдах болсон нь байгальтай нэгдмэл байдлаар бий болсон Glamping кэмпүүдийн хувьд анхаарах ёстой асуудал нь байсаар ирсэн. Ийм ч учраас дийлэнхи Glamping кэмпүүд тав тухаар амрагчдаа “дайлах”-даа байгальдаа хал балгүй, бага ул мөр үлдээх технологи шийдлүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажилласаар байна.
Жирийн уламжлалт майхантай аяллаас ялгаатай нь Glamping кэмпүүд гэртээ байгаа мэт тав тухыг амрагчиддаа амладаг. Гэвч тухлаг ариун цэврийн байгууламж, халаалт, шүршүүр, тог цахилгаан гэх мэт тав тух бүхэн эргээд байгалиас золиос шаарддаг нь харамсалтай үнэн. Тэгвэл glamping кэмпүүд аялагчиддаа тав тух өгөх амлалтаа байгальд сөрөг нөлөөгүй байх зорилготойгоо хэрхэн нийцүүлдэг вэ?
Хамгийн нэгдүгээрт glamping амралтын газрууд сууцаа сонгохдоо байгальд ээлтэй барилгын материал болон байгальд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр барих талаас нь анхаардаг ажээ. Майхан, гэр, модон байшингаас эхлээд бөмбөрцөг байшин, кабин, шовоохой зэрэг эдгээр glamping аяллын байруудын гол шаардлага нь байгальтай эвтэй, сөрөг нөлөөгүйгээр зэрэгцэн орших юм
Үүнээс гадна нар, салхины эрчим хүч гэх мэт тогтвортой, байгаль ээлтэй, технологийг ашиглаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахын тулд хог хаягдлын менежмент, ус хэмнэх стратегийг ашигладаг байна. Тухайлбал, нарны эрчим хүчийг ашиглаж халаалтаа шийдэх, гэрэлтүүлэг, хөргөгч, хөгжмөө ч сэргээгдэх эрчим хүчээр шийдэх жишээтэй.
Бие засах газартаа уламжлалт аргаар ус ашигладаг glamping кэмпүүд байдаг ч тун цөөн. Энэ нь тав тухтай ч өртөг өндөртэй, зөвхөн дэд бүтцээ шийдсэн, цэвэр, бохир усны шугамтай газар л суурилуулах боломжтой тул ихэнх Glamping амралтын газрууд байгаль орчинд ээлтэй бордооны жорлон болон “Хуурай бие засах газар”-ыг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, бие засах газарт модны үртэс, хүлэрт хөвд зэрэг задралыг хурдасгах зүйлс ашиглаж өтгөнийг задладаг ба ийм 00 үнэр багатай байгальд халгүй гэдгээрээ маш давуу талтай. Мөн 4-6 долоо хоногийн дараа цэцэрлэг эсвэл гадаа талбайг бордох боломжтой цэвэр, үнэргүй, аюулгүй бордоо бий болдог давуу талтай ажээ. Энэ мэтчилэнгээр Glamping аялал нь хариуцлагатай, байгальд ээлтэй аялал жуулчлалын тод томруун жишээ, үлгэр дууриалал нь болсоор байна.