Тархи амрааж, мартагдашгүй дурсамж үлдээх майхантай
нүүдлийн кэмп
Шувуудын жиргээ, модны сэрчигнээнтэй гайхалтай байгаль таныг өглөө дуудан сэрээхэд тансаг зэрэглэлийн зочид буудлын өрөө мэт тухтай орчин, тавлаг ор, өглөөний цай бэлэн байвал ямар вэ? Энэ бол дэлхийн аялагч нарын сүүлийн жилүүдэд хүсч сонгох болсон Glamping аялал юм. Хүн төрөлхтөн зургаан одтой зочид буудлыг биш тэнгэрийн сая, сая одтой Glamping аяллыг сонгох болсон. Өөрөөр хэлбэл Glamping бол зочид буудлын өрөөний тансаг байдлыг зэрлэг байгальд авч ирж байгаа аяллын шинэ хэлбэр юм. Майхан, гэр, шовоохой, кабин, урц, модон байшин зэрэг түр сууцыг glamping аялал санал болгодог. Эндээс дэлхий нийтэд хамгийн түгээмэл нь майхантай аялал юм. Жирийн майхан нь аяллын үеэр шөнө орж унтах л зориулалттай байдаг бол Glamping майхан илүү тав тухыг бодолцсон, майхны дотрохоос эхлээд гадаах орчин нөхцөлийг ч бодож тохижуулсан байдаг. Мешокны оронд том ор, агаар сайн нэвтрүүлдэг байгальтайгаа харьцах боломжтой тухлаг майхан бол “Glamping” аяллын хамгийн гол шаардлага.
Байгальд цагийг өнгөрөөх нь сэтгэлийн түгшүүрийг багасгахад тусалдаг ба өдөр бүрийн завгүй хэмнэл, өдөр тутмын ажлын ачааллаасаа холдох, жинхэнэ утгаар амрах боломжийг олгодог байна. Майхантай “Glamping” амралт нь танд дараах ашиг тусыг үзүүлнэ.
Байгалийн гоо сайхан
Glamping нь байгалийн гайхамшгийг биеэр мэдрэх боломж юм. Та хүрээлэн буй орчиндоо анхаарал хандуулах тусам байгалийн сайхныг илүү их мэдэрнэ, илүү тайвширна. Тавхан биш сая, сая одтой зэрэглэл өндөр “Байгаль ээж” гэсэн зочид буудал танд зуун хувь таалагдах нь гарцаагүй.
Цэвэр агаар
Гадаа цагийг өнгөрөөх нь таны биед эндорфин үйлдвэрлэхэд түлхэц өгч, сэтгэлийн хөдөлгөөнийг сайжруулж, стрессийн түвшинг бууруулдаг гэдгийг та мэдэх үү. Цэвэр агаарын ашиг тус таны төсөөлснөөс хамаагүй их шүү.
Хөгжилтэй цаг хугацаа
Аяллын үеэр морь унах, явган аялал хийх, хамт олон, найз нөхөдтэйгээ хөгжилдөх зэрэг гадаах орчинд шинэ зүйлийг турших нь амралтын мартагдашгүй хэсэг мөнөөс мөн.
Чанартай цаг
Хайртай хүмүүстээ цаг зарцуулах хамгийн боломжтой үе бол энэ аялал чинь шүү. Ажил, шахуу цагийн хуваарь, стрэсс бухимдал, санаа зовоосон бүхнээ орхиод Glamping майханд хайртай хүмүүстэйгээ чанартай цагийг өнгөрөө. Өглөө, өдөр, оройны хоолонд юу идэх, маргааш юу хийж өнгөрөөх гээд бүхнийг кэмпийнхэн таны өмнөөс хийх тул жинхэнэ тархиа амраах, дураар амрах боломж бол энэ үе юм.