Нэгэн цагт дэлхийн нийслэл гэгдэж байсан, алдарт хөгжмийн зохиолч Бетховены өлгий нутаг Австрийн Вена хот нь хүн бүрийн амьдралдаа дор хаяж нэг удаа очиж үзэх ёстой газрын нэг яахын аргагүй мөн.
Дуурийн театр, сонирхолтой музейнүүд, кофе, хөгжмийн соёлоороо дэлхий дахинд өөрийгөө таниулсан Вена хотын жуулчдын хамгийн их зорьж очиж сонирхдог гайхалтай газруудыг танд танилцуулъя.
Гэгээн Стефаны сүм
Хотын билэг тэмдэг болсон Гэгээн Стефаны сүмийг үзэлгүйгээр Вена хотоос буцвал алдас болно. Сүмийн 343 шатаар өгсөж оройд гарахад амаргүй байж болох ч та мартагдашгүй сайхан зүйлээр нүдээ мялаах болно. Сүмийн гайхалтай дотоод засал чимэглэл, үнэт эдлэл бүхийй дурсгалууд, ариун номууд, мөн эзэн хаан III Фридрих, Савойн хунтайж Евгений зэрэг Венийн гэгээнтнүүдийн булш энд бий.
Зигмунд Фрейдийн музей
Энэхүү музей нь сэтгэц шинжилгээний эцэг гэгддэг Зигмунд Фрейдийн амьдралыг танд дэлгэн харуулах бөгөөд ХХ зууны Вена дахь еврейчүүдийн амьдралыг ч давхар харуулна. Музейд 35,000 боть бүхий Европын хамгийн том психоаналитик судалгааны номын сан болон Зигмунд Фрейдийн сангийн судалгааны хүрээлэн байдаг.Фрейдийн эд зүйлс, цуглуулга, эмнэлгийн хүлээлгийн өрөө, Зигмунд Фрейд болон түүний гэр бүлийн бараг бүх гэрэл зураг, баримтууд энд бий.
Белведер ордон
Түүх, урлаг соёлын гайхамшгийг нэг дороос мэдрэх газрыг хайж байгаа бол Белведерийн ордон музейг заавал үзээрэй. Дээд болон Доод Белведерийн хоёр ордон нь Вена хотын хамгийн сүрлэг архитектур бүхий барилгын нэг. Австрийн жанжин Савой хунтайж 18-р зууны үед уг ордныг бариулжээ.
Хофбургийн ордон
Олон зуун жилийн түүхтэй, Вена хотын төвөөс олдсон энэ хуучин ордон нь зуу гаруй жилийн өмнө буюу 1918 он хүртэл Хабсбургуудын гэр байжээ. Хабсбургууд хүчирхэг эзэнт гүрнийг удирдаж байсан түүхтэй бөгөөд энэхүү ордонд зочилсноор Климт, Дюрер нарын уран зураг, Испани морь унах сургууль, Австрийн кино музейг үзэх боломжтой.
Амалиенбадын усан бассейн
1920-иод онд барьсан Амалиенбадын усан бассейн нь Вена хотын хамгийн эртний усан бассейнуудын нэг. Архитектурын хувьд Ромоос санаа авч хийсэн, дотоод засал нь Art Deco болон Art Nouveau загварыг хослуулан гайхалтай хийцтэй. гаднаасаа цайз шиг харагдах уг барилга нь Австрийн түүхэн өвөрмөц уур амьсгалыг мэдрэх шилдэг газруудын нэг. Энд хямд үнээр шүршүүр, саунд орох, усан санд сэлэх боломжтой.
Винер Ризенрад алсыг харагч
Уг алсыг харагчийг 1897 онд эзэн хаан Франц Иосефын хаан ширээнд суусны 50 жилийн ойд зориулан барьжээ. Алсы харагч нь Леопольдштадт дүүрэгт байрлах паркийн үүдэнд байдаг ба 64.75 метр өндөртэй, Вена хотын аялал жуулчлалын хамгийн алдартай газруудын нэг. Өндөр дээрээс Вена хотыг тольдох, Дунай мөрөнд нар жаргахыг өндөр дээрх бүхээгнээс харахыг хүсвэл уг алсыг харагчийг зориорой.
Еврей музей
Еврейн соёл, түүх, шашны зан үйлд зориулсан дэлхийн анхны музей 1895 онд Вена хотод нээлтээ хийж байжээ. Венийн еврейчүүд нацистуудын эрхшээлд орж 130,000 орчим нь эх орноосоо дүрвэж, 65,000 гаруй нь хорих лагерьт орж, үүнээс ердөө 2,000 нь л амьд үлдсэн гашуун түүхтэй. Нацистууд удаа дараа хааж, сүйдэлсэн ч 2011 онд их засварт оруулж дахин нээсэн уг музейд түүх өгүүлөх сонирхолтой гэрэл зургаас эхлээд газар доорх эсэргүүцлийн сонины хуулбар хүртэл үеийн үед нямбай уламжлагдан ирсэн эд зүйлс дүүрэн бий.