Их хотын бужигнасан амьдрал, бетон цементэн ширэнгэнээс түр ч атугай холдож байгальтайгаа ойр, нам нүмхэн аялалд гарах хүсэлтэй аялагчид дэлхийн өнцөг булан бүрт бий. Ийм аялагчид хотын төвд байрлалтай нэг байшингаас хөдөө нутгийн бас нэгэн байшинг дамжих нэгэн хэвийн аялал, амралтыг хүсдэггүй. Хөл хөдөлгөөн, дуу шуугианаас алсхан, олон янзын ааш аягтай хүмүүсийн цуваанаас ч аль болох холхон, тусгаар өвөрмөц сайхан аялалыг хүсч тэмүүлдэг. Тэгвэл яг л ийм төрлийн хүмүүст зориулсан аялал жуучлалын нэгэн төрөл дэлхийд хөгжиж байгаа нь глампин буюу майхан, түр сууц бүхий эко аялал юм. Далайн түрлэг ч юм уу, ойн шувуудын жиргээг майхнаасаасаа сонсч, оддыг ширтэн хонож, цэвэр агаарыг цээж дүүртэл амьсгалах боломжтой аялал гэхээр бодоход л сэтгэл уужрам тансаглал биш гэж үү? Майхнаа ачаалаад хувиараа гарах аяллаас ялгаатай нь нүүдлийн ийм кэмп нь тав тух, тансаг хоол унд, цахилгаан, тусгай хөтөлбөр зэргийг аялагчдад санал болгодог. Өөрөөр хэлбэл глампин аяллын гол онцлог нь байгалийн сайхныг сонгож буудалласан нүүдлийн кэмпэд буудаллаж байгальтайгаа ойр байх тэр күүл мэдрэмжийг дээд зэргийн тав тухын хамт нэг дор авдаг гэсэн үг. Ингээд глампин аяллын зарим жишээг та бүхэнд танилцуулъя.
Перу дахь Мачу Пиччу уулын эко кэмп
Перу улсын хамгийн их жуулчдыг татдаг Мачу Пиччу уулын эко кэмп нь глампин аяллын сонгодог нэг жишээ. Тус амралтын газар нь майхан буюу нүүдлийн сууцад аялагчдаа хүлээж авдаг ба нарны эрчим хүч, байгалийн усны эх үүсвэрийг ашигладаг ажээ. Мөн органик цэцэрлэгтэй, бүх хоолондоо орон нутгийн, цэвэр, органик хүнс хэрэглэдэгээрээ онцлог. Мөн Мачу Пиччу ууланд хөтөчтэй явган аялал зохион байгуулдаг байна.
Мексикийн ширэнгэн ойн нуугдмал газар
“Акумал Натура” бол Мексикийн Кинтана-Рогийн ширэнгэн ойд байрладаг эко амралтын газар юм. Энд аялагч сүрлэн дээвэр бүхий даавуун ханатай зөөврийн сууцад байрлана. Энэхүү амралтын газрынхан тухайн тус бүс нутгийн 22 гаруй төрлийн амьтдыг хамгаалах, аврах , ус, ургамлыг арчлан хамгаалж, байгалийн унаган дүр төрхийг хамгаалах давхар үүрэг хүлээдэг. Тиймээс “Акумал Натура”-д амрагчид амарч, сэргэхээс гадна нутгийн ургамал, ан амьтдын талаар суралцах боломжтой байдаг ажээ.
Никарагуан ой дахь ногоон аялал
Никарагуа дахь “TreeCasa Resort” нь ногоон аялал, глампинг аялал хүссэн аялагчдад санал болгох олон хөтөлбөртэй. Аялагчид ой дундах жижиг модон сууцуудад байрлах ба ойд йога хийх, фермээс гарсан шинэхэн хүнсээр хийсэн эко хоол хүнсийг амтлах боломжтой ажээ. Тус ресорт орон нутгийн экосистемийг хамгаалах үүрэг мөн давхар хүлээдэг байна.
“Отоглоё” нүүдлийн кэмп
Монголд ч мөн глампин аяллыг хөгжүүлж яваа аяллын компани бий. “Отоглоё” нэртэй зуны нүүдлийн эко кэмп 2020 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Байгалийн сайхныг сонгож барьсан бүрэн тохижилттой тухлаг майхнууд, эрүүл чанартай хоол хүнс, эко ариун цэврийн байгууламж гээд глампин аяллын гол онцлогууд энд цөм бий. “Отоглоё” кэмпийнхэн аялагч, амрагчдаа байгалийн сайханг мэдрэх боломжийг дээд зэрэглэлийн тав тух бүхий үйлчилгээний хамт давхар үзүүлж аялагчдаас том оноог авсаар иржээ. Зөвхөн хамт олноороо отоглож, өөрсдөд нь зориулж зохиосон тусгай хөтөлбөрийн дагуу амрах боломжтой нь аялагчдад хамгийн их таалагддаг байна.