Вьетнамын үзэсгэлэнт эрдэнэ “Бан Гиок” хүрхрээ
Зүүн өмнөд Азийн хамгийн том хүрхрээтэй танилцах уу? Вьетнамын үзэсгэлэнт эрдэнэ гэж тодотгож болох “Бан Гиок” хүрхрээ нь таны заавал үзэх газруудын жагсаалтад багтана гэдэгт итгэлтэй байна. Уг хүрхрээ Вьетнам, Хятадын хил дагуу байрлалтай. Яг л Аргентин, Бразилийн хил дагуух Игуазу хүрхрээ шиг. Өөрөөр хэлбэл та, БНХАУ болон Вьетнамын аль аль нутгаас үзэх боломжтой гэсэн үг.
Хятадын талаасаа “Детианы хүрхрээ” гэж нэрлэдэг бөгөөд “Бан Гиок Детианы хүрхрээ” гэж хамтатган нэрлэх нь ч бий. “Бан Гиок” хүрхрээ нь улсын хил дагуух хүрхрээнүүдээс томоороо дөрөвдүгээрт буюу Аргентин, Бразилийн хил дагуух “Игуазу” хүрхрээ, Замби, Зимбабве улсын хил дагуух “Виктория” хүрхрээ, Канад болон АНУ-ын хил дагуух “Ниагара” хүрхрээний дараа жагсдаг юм.
“Бан Гиок” хүрхрээнд хэрхэн очих вэ?
Вьетнамын талаасаа Ханой хотоос хойд зүгт 286 км зайд орших Као Банг мужийн Трунг Хан дүүрэгт үзэсгэлэнт хүрхрээ маань байрладаг. Ихэнх жуулчид хүрхрээнээс 25 км-ийн зайд орших Као Банг хотод хоноглодог бөгөөд тэндээсээ өдрийн аялал хийж хүрхрээндээ очдог байна. Ханой хотоос Као Банг хот хүртэл автобус өдөр бүр тогтмол зорчдог бөгөөд унтлагын автобус болон мотоциклийн түрээсийн үйлчилгээ байдаг ажээ.
Вьетнам, Хятадын хоорондох харилцаа хүнд үед уг хүрхрээ байрлаж буй хэсэг хоёр улсын хилийн маргаантай газар байсан бөгөөд одоо ч маргаантай хэвээр байгаа. 1979 оны Хятад-Вьетнамын дайны үеэр Хятадын хүчин хүрхрээг Вьетнам руу нэвтрэх цэг болгон ашиглаж байсан түүхтэй. Өнөөдөр хоёр улсын харилцаа харьцангуй дээрдсэн тул хүрхээг үзэж сонирхохын тулд нөгөө улсаас заавал тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй. Гэхдээ паспортоо биедээ авч явахыг танд зөвлөж байна.
“Бан Гиок” хүрхрээг яагаад үзэх ёстой вэ?
“Бан Гиок” хүрхрээ нь Зүүн хойд Ази дахь хамгийн өргөн хүрхрээ. 30 орчим метр өндөр, 300 метр өргөнтэй. Хамгийн гайхалтай нь хүрхрээний шаталсан хэлбэрийн нүд баясам уналттай ус. Тай Сон голоос эх авсан хүрхрээний ус нь хэд хэдэн шатлал бүхий хадан цохион дээгүүр урсахдаа тийм гайхам сайхан дүр төрхийг бүтээдэг байна.
Хүрхээ нь хад модоор тусгаарлагдсан гурван тусдаа хэсэгтэй бөгөөд хадан цохионд цохигдсон усны чимээ нэлээд холоос сонсогдоно. Хүрхрээний сүрлэг өнгө төрх, дуу чимээ хийгээд усны нарийн ширхэгүүд нүүр илбэх гээд л жинхэнэ байгалийн унаган гоо үзэсгэлэн энд цогцолсон байдаг. Хүрхрээг илүү ойроос үзүүлэхийн тулд нутгийнхан хулсан сал түрээслэдэг. Салаар үндсэн хүрхрээ рүү аваачих ба энд л хамгийн төгс мэдрэмжийг хүрхрээг сонирхсон жуулчид авдаг байна. Мөн хүрхээг илүү сайн харах боломжтой цэгт хүргэх хулсан нарийхан гүүрүүд ч бий. Гэхдээ хамгаалалтгүй ийм нарийн гүүрээр болгоомжтой явах, мөн бороотой үед явахгүй байхыг зөвлөдөг.
Хилийн маргаантай хэсэгт байрласан, хил дагуу хол байрладаг зэргээсээ болоод хүний хөлд тэгтэл их өртөөгүй, өдийг хүртэл унаган байгалиараа хадгалагдан үлдсэн уг хүрхрээг Вьетнамын нуугдсан эрдэнэ ч гэж тодотгох нь бий.
Хэзээ очих хамгийн тохиромжтой вэ?
“Бан Гиок” хүрхрээнд зочлох хамгийн тохиромжтой цаг бол есөөс арваннэгдүгээр дүгээр сар гэж нутгийнхан зөвлөдөг. Учир нь энэ үед цаг агаар тогтуун, хур тунадас бага байдаг.
Арванхоёроос гуравдугаар дугаар сард хойд Вьетнамын энэ хэсэг сэрүүн байдаг бол, дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэл дулаан ч бороо хур ихтэй, хөрсний гулгалт ихтэй байдаг ажээ.