Малайз улс, Мартагдашгүй Лангкави

A- A A+
Малайз улс, Мартагдашгүй Лангкави

Кедах мужийн эрдэнийн чулуу хэмээн нэрлэгдэх Лангкави арал нь Малайзын эх газрын баруун эргээс 30 км зайд оюу тунгалаг Андаманы тэнгист оршдог. Нийт 99 жижиг арлуудаас бүрдэх энэхүү Лангкави арал дээр үзэсгэлэнт байгальд дурлагсад, түүх сонирхогчид, адал явдал эрэлхийлэгчид, романтик хосуудын нүдийг баясгах, сэтгэлийг хөдөлгөх гайхамшигт байгаль, өвөрмөц содон үзэсгэлэнтэй зүйлс тоймгүй олон байдаг.

Лангкави арлын тухай

Ланкгавигийн 99 арлуудын зарим нь хүн оршин суудаггүй арлууд байдаг бөгөөд үндсэн арал буюу хамгийн том арал болох Пулау Лангкавид нийт 99,000 хүн амын дийлэнх буюу 65,000 хүн оршин суудаг. Нийт хүн амын 90% нь найрсаг, эелдэг зангаараа алдартай Малай үндэстэн юм. Лангкавигийн арал нь дулаахан, тунгалаг Андаманы тэнгисийн олон төрлийн усан ертөнцийг харах боломжийг олгодог бөгөөд анхлан суралцагчдад зориулсан шумбалт хийх олон төрлийн боломжуудыг санал болгодгоороо алдартай.

Цаг агаар

Лангкави арал дээр цаг агаарын борооны улирал болон хуурай улирал гэсэн цаг агаарын 2 үндсэн ялгаатай байдаг. 3-р сараас 11-р сар хүртэлх хугацаанд борооны улирал үргэлжилж, 12-р сараас 2-р сарыг дуустал бороогүй буюу хуурай улирал үргэлжилдэг. Аялал жуулчлалын оргил үе болсон 12-с 2-р саруудад дунджаар өдөртөө 31.6°C -33.2°C градус, шөнөдөө 25°C – 28°C-ын температуртай байдаг бөгөөд хэтэрхий салхитай биш, далай тогтуун байдаг учраас усанд шумбах болон далай дээгүүрх мото, ски спортуудад тохиромжтой үе байдаг. 

Лангкави-д үзэж болох зүйлс

1.Арлууд

Үндсэн Лангкави арлын эргэн тойрон дахь арлуудад тропик бүсийн ногоон ширэнгэн ой, чулуужсан өвөрмөц тогтоц болон агуйнууд, онгон зэрлэг байгальдаа эрх чөлөөтэй бэлчин амьдрах олон төрөл зүйлийн амьтад гэх мэт сонирхолтой содон, алдартай зүйлсүүд олон бий. Эдгээр арлуудын ихэнх нь оршин суугчгүй учраас тэдгээр арлуудад онгон зэрлэг байгаль дахь амьдралтай бодитоор танилцаж болох юм. Харин үндсэн арал болон түүний эргэн тойрны арлуудад усанд шумбах газар, далайн цэцэрлэгт хүрээлэн, зэрлэг ан амьтдын дархан цаазат газар, тансаг амралтын газар гэх мэтээр аялал жуулчлал, амралт зугаалга өндрөөр хөгжсөн учраас Малайз улсын хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд хамгийн их жуулчныг татдаг арлаар нэрлэгддэг.

Лангкави нь дахь бусад арлууд.

Лангкави аралын бүс дэх аялал жуулчлалын гол бүс нь үндсэн арал болох Пулау Лангкави. Мөн өөр өөрийн онцлогтой бусад олон жижиг арлууд байдаг. Үүнд:

“Pulau Payar” үндэсний цэцэрлэгт хүрээлэн: 

Үзэсгэлэнт шүрэн хаднууд болон гүний шумбалт (scuba diving), гадаргуун шумбалт (snorkeling) хийх боломжтой олон төрлийн загасны аймаг, усны ертөнцөөрөө алдартай

Pulau Dayang Bunting: 

Усанд чөлөөтэй сэлэх боломжуудаар тохижуулсан олон тооны цэнгэг устай нуурууд болон цөөрмүүдээрээ алдартай

Pulau Beras Basah: 

Усан дээрх мото, ски спортууд болон банана завиуд, бүх төрлийн усанд сэлэх боломжууд, усан дээрх шүхэртэй нислэг (parasailing) -үүдээрээ алдартай.

Pulau Singa Besar буюу Аварга Арслан Арал:

Бүргэд, сармагчин, буга, могой, гүрвэл, тогос болон олон төрлийн өвөрмөц содон шувуунууд зэрэг олон төрлийн амьтдын чөлөөтэй хөлхөлдөх дархан цаазат газар гэдгээрээ алдартай (Гэхдээ арал дээр арслан байхгүй)

Rebak арал: 

Орчин үеийн бүхий л тохь тух бүхий Vivanta by Taj амралтын газартай гэдгээрээ алдартай.

Далайн эргүүд

Лангкави арал нь бүхэлдээ алтан шаргал элс бүхий олон тооны наран шарлагын газруудтай. Далайн эрэг бүхэлдээ зочид буудал, ресторан, дэлгүүр, далайн эрэг дээр байрладаг. Мөн далайн эрэг дээрх олон төрлийн усан спортууд төрөлжин хөгжсөн гэдгээрээ алдартай. Лангкавигийн хамгийн алдартай наран шарлагын газрууд нь Пантай Кок, Пантай Ценанг, Пантай Пасир Тенгкорак, Пантай Тенгах, Танжунг Рху, Хар элс, Датай булан юм.

Бусад онцлог зүйлс

Хүрхрээ: Эдгээр арлуудад тийм олон биш хэдий ч үзэсгэлэнтэй сүрлэг хүрхрээнүүд байдаг. Temurun, Durian Perangin, Telaga Tujuh, Seven Wells гэсэн жуулчдын ихээр очих дуртай алдартай хүрхрээнүүд юм.

Лангкави дахь уулс: Gunung Raya болон Gunung Mat Cincang гэсэн үзэсгэлэнтэй томоохон уулс эдгээр арлууд дээр байдаг.

Цэцэрлэгт хүрээлэн ба бусад паркууд: Kilim Karst Geoforest Park, Sungai Kilim Nature Park, Kilim Karst Geoforest Park, Taman Lagenda, Langkawi Wildlife Park & Bird Paradise гэх мэт томоохон амьтны паркууд болон томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүд байдаг

Худалдаа, шоппинг

Архи, тамхи, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйл, хоол хүнс, гал тогооны хэрэгсэл, цахилгаан бараа гэх мэт олон төрлийн бараануудыг худалдааны төвүүд татваргүй барааны (duty free) нөхцлөөр санал болгон худалдаалдаг байна. Эдгээр татваргүй дэлгүүрүүдийн ихэнх нь Куах хотод эсвэл Пантай Ценанг дагуу байрладаг.

Лангкави-д үзэж болох зүйлс

Лангкави зочид буудал болон ресторан

Лангкави дахь ресторанууд

Лангкави дахь шилдэг ресторанууд Андаманы тэнгис харагдахуйц тухтай орчин, гайхалтай үйлчилгээ бүхий олон төрлийн амтат зоогийг санал болгодог. Эдгээр ресторанууд нь малай үндэсний хоолноос гадна хятад хоол, далайн шинэхэн хүнс гэх мэт олон төрлийн үнийн сонголттой зоогийг танд санал болгоно. Лангкави дахь хамгийн шилдэг ресторануудын зарим нь тансаг амралтын газруудад байрладаг бол зарим нь үндсэн Лангкави арлын эрэг дагуу байрладаг.

Лангкави дахь уушийн газрууд

Лангкави арлууд даяар татваргүй бодлогын (duty-free) ачаар уушийн газрууд үндсэндээ маш хямд байдаг. Боломжийн үнэтэй уух зүйлсийн олон сонголтоос гадна Лангкави дахь баар, пабуудын гайхалтай найрсаг уур амьсгалтай. Эдгээрийн ихэнх нь Пантай Ценанг, Пантай Тенгах орчимд байрладаг.

Лангкави дахь зочид буудал, амралтын газрууд

Эцэст нь Лангкави арал нь аялагч хэн бүхэнд таатай олон төрлийн үйлчилгээтэй учраас Малайз улсыг зорих жуулчдын зайлшгүй үзэх ёстой газруудын эхэнд эрэмбэлэгддэг билээ. 

 

Pantai Cenang эсвэл  Pantai Kok гэх мэт алтан шаргал элс бүхий далайн эрэг дэх тав тухтай наран шарлагын газрууд аялагч хэн бүхний алжаалыг тайлах нь гарцаагүй. Ширэнгэн ойн явган аялал хийх, үзэсгэлэнт хүрхрээнд сэрүүцэн сэлэх, каяаки завиар зугаалах зэрэг олон төрлөөр онгон дагшин байгалийг мэдрэх боломжтой билээ. Мөн үзэсгэлэнт Андаманы тэнгис болон цэнгэг устай нуурууд дээр  усанд сэлэх, мото спортоор хөгжилдөх, загасчлах, гүний болон бүх төрлийн усан ертөнцтэй танилцах шумбалтуудыг хийх, усан дээрх шүхрийн адал явдлаар дурсамжаа дүүргэх гэх мэтээр усан дахь зугаа цэнгэлийн бүх төрлийн арга хэмжээг хийх боломжийг бүрдүүлсэн нь гайхалтай аяллын мартагдашгүй нэг хэсэг байх нь гарцаагүй. Хоёр зуу гаруй төрөл зүйлийн шувууд, олон төрлийн амьтдын ертөнцтэй танилцах гэх мэт олон төрлийн адал явдал, дурсамжаар дүүрэн мартагдашгүй нэгэн аяллыг Лангкави арал дээр өнгөрүүлэх боломжтой юм.