Австри улсын Вена хотын кофе шоп-ууд

A- A A+
Австри улсын Вена хотын кофе шоп-ууд
  • Австрийн Вена хот нь гайхамшигтай архитектур, баялаг түүх, алдартай хөгжмийн зохиолчид, урлагийн бүтээлүүдээрээ  алдартайг бид мэднэ.

  • Харин хүн бүрийн мэдээд байдаггүй ч яахын аргагүй тус хотын өнгө төрхийг бүрдүүлж байдаг бас нэг зүйл байдаг нь Венийн кофены соёл юм.

  • Венийн кофе хаус буюу кофены газрууд олон зууны турш Венийн соёлын нэг хэсэг байсаар ирсэн бөгөөд тус хотын амьдралын салшгүй хэсэг болсоор ирсэн юм.

  • Венийн кофены түүх 17-р зуунаас эхтэй. Түүх сөхвөл Вена дахь анхны кофены байшинг Йоханнес Диодато хэмээх Армен худалдаачин нээсэн бөгөөд тэрээр Венийг Туркийн бүслэлтээс аварсаны дараа Вена хотод кофегоор үйлчлэх цорын ганц эрхийг авчээ. Түүний нээсэн кофены газар нь хотын гол гудамжид байрлаж, богино хугацаанд хотын сэхээтнүүд, уран бүтээлчдийн уулздаг алдартай газар болж улмаар Венийн кофены соёл үүссэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

  • Үүнээс хойш олон зуун жилийн турш Венийн кофены газрууд Венийн амьдралын чухал хэсэг болж,  зөвхөн кофе уудаг газар төдийгүй сонин унших, харилцах, санал бодлоо солилцох газар байсаар ирэв. Густав Климт, Зигмунд Фрейд, Стефан Цвейг зэрэг олон алдартай зохиолч, зураачид кофены газарт олон цагийг өнгөрөөж, зохиол бүтээлээ хэлэлцэж, бусадтай санал бодлоо хуваалцдаг байв. Өнөөдөр ч кофены байшингууд Венийн соёлын чухал хэсэг хэвээр байна. Вена хотын соёлын онцлог гол зүйл болох кофены эдгээр газруудыг ЮНЕСКО "Соёлын биет бус өвийн үндэсний агентлаг"-ын жагсаалтад оруулсан байдаг.

  • Вена хотод хэд хэдэн төрлийн кофе хаус буюу  кофены газрууд байдаг бөгөөд тус бүр өөрийн гэсэн өвөрмөц уур амьсгал, онцлогтой. Зарим нь уламжлалт, зарим нь илүү орчин үеийн өнгө төрхтэй.

  • Уламжлалт кофены газрууд нь Венийн кофены хаусуудын соёлын зүрх, амин сүнс нь бөгөөд тэд олон зууны турш оршин тогтнож ирсэн түүх, гоёмсог чимэглэл, гантиг ширээний тавцан, эрвээхэй зангиатай зөөгч зэргээрээ ялгарна. Хэрэв та Вена хотын эртний өнгө төрх, сэтгэл татам байдлыг мэдрэхийг хүсвэл уламжлалт кофены газарт очоорой. Ямартай ч Вена хотод очсон хэн бүхний заавал орж үзэж, тус хотыг бүрэн мэдрэх газар нь Венийн кофены хаусууд мөнөөсөө мөн билээ.