Аялахаасаа өмнө мэдэх хэрэгтэй дэлхийн улс орнуудын хачирхалтай хууль дүрмүүд

A- A A+
Аялахаасаа өмнө мэдэх хэрэгтэй дэлхийн улс орнуудын хачирхалтай хууль дүрмүүд

Дэлхийн улс орон бүр өөрийн хууль, дүрэмтэй. Танд маш энгийн, хуульд харшлах  зүйлгүй мэт санагдах үйлдлийг дэлхийн аль нэг  улсад байж боломгүй ёс суртахуунгүй тохиолдол гэж харж ч болно. Иймээс аялагчиддаа зориулж дэлхийн улс орнуудад мөрдөгддөг мэдээд авахад илүүдэхгүй хачирхалтай хууль, дүрмүүдийг танилцуулъя. 

Сингапурт бохь зажилж болохгүй

Олон улсын аялал жуулчлалын хамгийн алдартай, хачирхалтай зөвлөмжийн нэг бол Сингапурт бохь зажлахаас зайлсхийх юм. 1992 онд нийтийн тээврийн хэрэгслийн хаалган дээр эвдэн сүйтгэгчид бохь нааж эсэргүүцлээ илэрхийлсэнтэй холбогдуулан уг хоригийг баталсан түүхтэй. Гудамж, цэцэрлэгт хүрээлэн болон бусад нийтийн эзэмшлийн талбайг бохины хогноос салгах зорилготой уг хуулийг 2004 онд султгаж зарим хязгаарлалтыг цуцалсан боловч Сингапурт зөвхөн тамхи татсаны дараа амаа цэвэрлэх ч юм уу эрүүл ахуйн шалтгаанаар бохь зажлахыг зөвшөөрдөг. 

Грект өндөр өсгийт бүү өмс

2009 онд Грекийн албаны хүмүүс алдартай археологийн дурсгалуудаа хамгаалахын тулд хэд хэдэн зүйлд хориг тавьжээ. Тухайлбал жуулчдын жил бүр очдог эртний дурсгалт газруудыг гэмтээхээс болгоомжилж өндөр өсгийт өмсөхийг хориглодог. Мөн дурсгалт газруудад хоол хүнс идэх, ундаа уухыг хориглодог. 

Ром дахь усан оргилуурт сэлж болохгүй

Ром нь түүхэн барилга байгууламжууд, жуулчдын очих дуртай гайхалтай газруудаараа алдартай. Хэрэв Ромд очвол Треви усан оргилуурт усанд орохоор оролдуузай. Хотын захиргаа усан оргилууруудад сэлж болохгүй гэсэн дүрэм гаргасан  ба хэрэв оргилуурын усанд орвол 450 еврогийн торгуультай.

Их Британид хатан хааны зурагт хүндэтгэлтэй ханд

Хэрэв Лондонд аялаж явахдаа шуудангаар ил захидал илгээхээр болвол хатан хааны зурагтай шуудангийн марктай болгоомжтой харьцаарай.  Хэрэв хатан хаан II Элизабетын зурагтай марк байвал маркыг зөв байрлуулж наагаарай. Буруу буюу толгойг доош нь харуулах  гэх мэтээр хайнга наавал хүндэтгэлгүй хандсанд тооцдог. Олон жилийн өмнө бол ингэж уруу харуулж наасан иргэдийг эх орноосоо урвасан гэж үзэж хатуу шийтгэдэг байсан гэдэг. 

Дубайд үнсэлцэж болохгүй

Арабын Нэгдсэн Эмират улсын Ойрхи Дорнодын Дубай хотод олон нийтийн газар хүмүүсийн  баримтлах ёс суртахуунтай холбоотой хатуу хууль дүрэм байдаг. 

Эдгээрийн нэг нь олон нийтийн газар уруул дээр үнсэхийг хориглодог. Хэрэв зөрчвөл торгууль, тэр байтугай шоронд хоригдох хүртэл арга хэмжээ авах хуулийн боломжтой. 

Барселонад бикини бүү өмс

Барселона нь Газар дундын тэнгисийн эрэг дагуух наран шарлагын газруудаараа алдартай бөгөөд далайн эрэг болон наран шарлагын газруудад усны хувцас өмсөхийг зөвшөөрдөг. Харин хэрэв Барселоны гудамжинд усны хувцастай алхвал хүмүүсийн таагүй хандлагатай учрахаас гадна хууль зөрчсөн үйлдэл хийнэ гэдгийг санаарай.  Гудманд,  олны хөлийн газар усны хувцас өмсвөл торгууль ногдуулдаг.

Венецид тагтаа хооллох хэрэггүй

Венецийн Гэгээн Маркийн талбай жуучлчдын дунд алдартай.  Энэ талбайд хэт их тагтаа  цугладаг нь түүхэн дурсгалт газрын хувьд асуудал нь болоод уджээ.  

Хотын захиргаа тагтаа домогт талбайг гэмтээж байгаад санаа зовж байгаа тул шувууг тэжээхийг хориглосон. Иймээс Гэгээн Маркийн талбайд тагтаа хоолловол торгууль төлөх эрсдэлтэйг  санаарай. 

Тайландад хааны гэр бүлд хүндэтгэлтэй хандаарай

Тайландад хааны гэр бүлийн талаар хошигнох гэж оролдох нь тоглоом биш юм. Хэчнээн гэмгүй, хөнгөхөн наргиа байсан ч амиа бариад өнгөрөх хэрэгтэй. Тус улсын "lèse-majesté хууль" нь Тайландын хааны гэр бүлийн гишүүдийг доромжлох, гүтгэхийг хориглодог. Шийтгэл нь нэлээд хатуу ба 3-15 жил хорих ялтай. 

Шри Ланкад сэлфи хийх хориотой

Шри Ланка сэлфи хийж байгаад гэмтсэн, нас барсан хэд хэдэн золгүй тохиолдол болсны дараа тус улсад сэлфи хийхийг хоригложээ. Шри Ланка Буддагийн олон баримал бий. Сэлфи хийхдээ эдгээр хөшөөнүүд рүү нуруугаа харуулж байгаа нь хүндэтгэлгүй үйлдэл гэж нутгийнхан үздэг байна. Хэрэв та эдгээр сэлфи  зургийн хязгаарлалтыг үл баримталвал шоронд хоригдох эсвэл тус улсаас албадан гарах ч магадлалтай. боломжтой. Иймээс тус улсын жуулчид их очдог дурсгалт газруудын зураг авах сануулгыг сайтар анзаарч уншаарай. 

Тайландад элетрон тамхи татах хэрэггүй

Тайландад электрон тамхийг хориглодог. Хэрэв баригдвал тэдгээрийг хурааж, торгууль ногдуулах бүр 10 хүртэл жилийн хорих ялаар шийтгэх боломжтой. Мөн саяхан тус улс далайн эргийн орчноо хамгаалах үүднээс Пукет, Ко Самуй, Краби зэрэг аялал жуулчлалын алдартай 24 далайн эрэг дээр тамхи татахыг хориглосон байна.