Хүүхдүүдтэйгээ аялахдаа анхаарах 10 зүйл

A- A A+
Хүүхдүүдтэйгээ аялахдаа анхаарах 10 зүйл

Хүүхдийн наснаас үл хамаарч аялал хэзээд хүүхдэд өгөөжөө өгдөг.Тэдний гайхалтай дурсамж, танин мэдэх үйл явцынх нь том хөрөнгө оруулалт нь аялал юм. Судалгаагаар хүүхэд долоо хүртэл насны буюу бага насны дурсамжаа нэлээд хэдэн жил марталгүй санаж байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл хоёр настай бяцхан сургуульд орсон ч аав ээжтэйгээ аялсан сайхан дурсамжаа мартаагүй гэсэн үг. Харин 7 наснаас хойш бага насны дурсамжаа аажмаармартаж эхэлдэг ч хэр их гүн сэтгэгдэл үлдээснээс шалтгаалаад насанд хүрсэн хойноо ч санаж явдаг дурсамж бий.

Хамгийн гоё нь хамт явсан бяцхан тань аяллаа мартаж болох ч түүний эрх жаахан насандаа аялалд явахдаа гаргасан эгдүүтэй инээмсэглэл, баяр баясгалантай үйлдлүүд ээж, аавын дурсамжид хэзээ ч устахгүй хадгалагдан үлдэнэ шүү дээ. Ингээд хүүхдүүдтэйгээ хамт гайхалтай аялалд явахаар төлөвлөж буй та нартаа зориулан дараах зөвлөгөөг хүргэе.

Хүүхэдтэйгээ хамт аялахаар шийдсэн бол юуны өмнө аяллаа зөв сонгоорой. Томчуудад таалагдсан аялал хүүхдэд уйтгартай санагдаж болно. Тиймээс хүүхдүүдээ уйдаахгүй, залхаахгүй хамгийн гол нь аюулгүй орчинтой аялал сонгоорой.

0-2 насны нярай хүүхдээ аялалд авч явах эсэхдээ хүмүүс их эргэлздэг. Тэгвэл Гэр бүлийн аялал жуулчлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Райнер Женссийн хэлснээр нярайгаас 2 хүртэлх насны хүүхдүүдтэй аялахад хамгийн хялбар байдаг гэнэ. Тогтсон хэвшлийг нь өөрчлөхгүй байлгаж чадвал тэднийг хаана ч авч явж, аз жаргалтайгаар аялалаа үргэлжлүүлэх боломжтой. 0-3 насны хүүхэддээ хэвтүүлэх боломжтой хөнгөн тэрэг авч явах нь хамгийн зөв сонголт байдаг.

Онгоцоор хүүхдээ авч явах гэж байгаа бол билет захиалахдаа хүүхэдтэй гэдгээ хэлж тухайн нислэгийн компаниас таны хүүхдэд тохирох ямар үйлчилгээ байгааг асуугаарай. Урдаа илүү зайтай суудал санал болгох, онгоцны буудалд ашиглах тэрэг өгөх, нэмэлт хүүхдийн ор өгөх зэрэг үнэгүй үйлчилгээнүүд авиа компаниудад байдаг тул тэдгээрийг авахыг хичээгээрэй. МИАТ гэхэд 12 кг-аас доош хүүхдэд хүүхдийн ор санал  болгодог.  Мөн нислэгийн үеэрх хоолны цэсийг асууж шаардлагатай бол хүүхэддээ тусад нь хоол бэлтгэж аваарай. Хүүхэдтэй хүмүүст онгоцонд ус болон бусад хүнсний зүйл оруулахыг зөвшөөрдөг. Онгоц хөөрөх болон газардах үед чихээр нь хатгуулах эрсдэлтэй тул угж, соска авч явахыг зөвлөе. Идэвхитэй юм залгилж байх үед чих нь өвдөх эрсдэл харьцангуй буурдаг.

Хүүхдийн өөрийнх нь хайртай тоглоом, чихмэл, ном зэргээс хэд хэдийг төвөгшөөлгүй авч яваарай. Дуу чимээ багатай тоглоом,  ном зэрэг нь бусдад саад болохгүйгээр олны газарт хүүхдээ сатааруулахад нэмэр болно.

Хүүхэд өөрөө хөдөлгөөнтэй байж үүнийхээ ачаар булчин нь ажиллаж хурдан өсч хөгждөг. Хөдөлгөөнтэй байна гэдэг тэдний анхдагч хэрэгцээний нэг. Удаан хугацаагаар суух, хэвтэх нь хүүхдийн уурыг хүргээд зогсохгүй биеийн хөгжилд ч сөрөг нөлөөтэй.  Тиймээс бяцханыгаа өдөржин нэг байрлалд тэргэнд удааж болохгүй. Хүүхдээ алхуулж, хөдөлгөөн хийх, дэвсгэр дээр суниах боломж олгохоо мартуузай.

Ачаагаа зочлох орноосоо очоод авч болох зүйлсээр битгий дүүргээрэй. Хэт их ачаатай явах хүүхэдтэй аялах үед тээртэй байдаг. Орлуулах зүйлс дэлхийн ихэнх оронд бий.

Хөлд орсон хүүхдүүддээ олны газар авч явахдаа өөрийнх нь нэр,  аав ээжийн утасны дугаар,  холбоо барих буудлын дугаар ч юм уу бичсэн бичиг ханцуйн дээр нь оёх, тусгай нэр, хаягтай бугуйвч зүүлгэхэд гэмгүй.

Хүүхдүүдтэй хамт аялахад ариун цэврийн өрөөнд орох,  нисэх буудалд ​​бичиг баримтыг баталгаажуулахаас эхлээд хамаагүй илүү хугацаа шаардахыг тооцож цагаа зөв хувиарлаарай.

Хүүхэддээ таардаг халууны эм, гэдэсний эм,  шархны наалт, хросол зэргийг аваад явахад буруудахгүй.

Бас нэг чухал зүйл бол хоол хүнс.  Мэдээж очих газрын хоол хүнс хүүхдэд чинь тохирох эсэхийг тооцож төлөвлө. Мөн цаг агаарын гэнэтийн өөрлөлт, унаа тэрэг саатах  зэрэг тохиолдол гарч магадгүй тул жигнэмэг, жимсний сок зэрэг  ойр зуурын хүнсийг гар тээшиндээ заавал авч яваарай.