Грек рүү аялахаас өмнө мэдэх хэрэгтэй 10 зүйл

A- A A+
Грек рүү аялахаас өмнө мэдэх хэрэгтэй 10 зүйл

Грек нь Европын орон ч гэлээ түүх, байгалийн өвөрмөц тогтоц,  амьдралын  хэв маягийн хувьд хувьд таны мэдэх Европын ихэнх орнуудаас эрс ялгаатай. Дэлхийн өнцөг бүрийн жуулчдын сонирхож аяласаар ирсэн Грек гэх энэ улсад ”Газар дундын тэнгисийн” гэж онцолж болох амьдралын өвөрмөц хэв маягийг мэдэрч болно. Санторини, Миконос, Парос, Родос зэрэг үзэсгэлэнт арал, Парфенон гэх мэт дурсгалт газрууд гээд хэн ч татгалзаж чадамгүй сайхан газрууд энэ улсад бий. 

Мянга, мянган арлын орон

Грек нь 10 сая хүн амтай, олон мянган арлуудтай, 13,676 км буюу асар урт далайн эргийн шугамтай улс. Далайн эрэг дагуудаа үзэсгэлэнтэй наран шарлагын газрууд, усны агуй, хад гэх мэт байгалийн үзэсгэлэнт тогтоцуудтай. Мөн сүрлэг уулсын орон бол Грекгэдгйиг  та очоод мэдрэх болно. Хамгийн том арал болох Крит нь 600,000 гаруй оршин суугчтай бол 100 гаруйхан хүн амьдардаг жижиг арал ч бий.  Жижиг арлуудын ихэнхэд хүн амьдардаггүй. 

Грек рүү хэзээ аялавал тохиромжтой вэ?

Хэрэв та усан сан эсвэл далайн эрэг дээр амрахаар төлөвлөж байгаа бол зун, харин түүх соёлын дурсгалт  газрууд үзэхээр төлөвлөж байгаа бол сэрүүн улирлыг сонгоорой. Грекийн зун нэлээд халуун. Зуны улиралд аялах бол нарнаас хамгаалах тос, агаар нэвтрүүлдэг хувцас өмсөхөө мартуузай. 

Бэлэн мөнгө үү карт уу?

Грекийн бүх бизнесүүдийг зээлийн болон дебит картаар дамжуулан орлогоо хүлээн авахыг хуулиар шаарддаг боловч Грект зөвхөн бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг дэлгүүрүүд, хэд хэдэн жижиг арлууд, алслагдсан тосгонууд бий. Хэрэв та томоохон хотуудаас цаашаа аялах бол бэлэн мөнгөтэй явсан нь дээр. Тус улс бэлэн мөнгөгүй эдийн засаг руу шилжиж байгаа ч ихэнх нь картнаас илүү бэлэн мөнгө авахыг илүүд үздэг бөгөөд энэ нь зарим картын олон улсын гүйлгээ бүрээс авдаг нэмэлт хураамжийг хэмнэх гэсэнтэй нь холбоотой. 

Шатаар алхахдаа бэлдээрэй

Грекийн бараг хаана ч явсан та маш олон шатаар алхах хэрэгтэй болно. 

Грекийн олон алдартай газар, тэр дундаа арлуудад шат маш элбэг. Жишээлбэл, алдарт Санторини арал гэхэд шатаар дүүрэн.  Зочид буудал, үйлчилгээний газрууд, өрөөнүүд ихэвчлэн урт шатны төгсгөлд байрлалтай.  Родосын ойролцоо орших жижиг арал болох Сими бол бүр “Шатны орон” гэмээр. Шатаар өгсөх  залхуутай байж болох ч дээрээс тольдох хэзээд хамгийн гоё байдаг тийм үү? 

Газар дундын тэнгисийн орнуудын амьдарлын хэмнэлд уус!

Газар дундын тэнгисийн орнууд амьдралын удаан тайван гэмээр хэмнэлээрээ алдартай. Грек ч мөн адил.  "Маргааш хүртэл хойшлуулж болох зүйлийг маргааш болтол хойшлуулах л болно" гэсэн хэлц үг хүртэл энд бий. Нийтийн тээвэр цагаасаа хоцрох эсвэл рестораны үйлчилгээ таны санасан шиг хурдан биш бол бүү бухимдаарай. Үүний оронд Грекийн тайван амьдралын хэмнэлийг хүлээн ав. 

Грекийн  үндэсний ундаа фраппе

Та Грект очсон бол Грекийн үндэсний ундаа гэж тооцогддог фраппег амтлаарай.  Грекчүүд шиг цаг хугацаанд баригдалгүйгээр фраппе амталж,  кафед удаан тухлан  суухыг дэлхийн мөнхийн цаг хугацаанд хавчигдаж яарч сандарч явдаг завгүй хотын иргэд мөрөөдөж суудаг гэхэд болно. 

Тэдний тааварлашгүй цагийн хуваарь

Газар дундын тэнгисийн бусад орнуудын нэгэн адил Грекчүүд ч үдээс хойш “залхуурлын” хэдэн цагтай. Дэлгүүр, кафе, ресторанууд гэхэд үдээс хойш хоёроос зургаан цагийн хооронд хаадаг ч орой дахин нээгдэж, үүр цайтал ажилладаг. Оройн хоол идэх цаг 22 цагаас наашгүй бөгөөд баар цэнгээний газрууд  бараг л нар мандтал ажиллана.  Юу ч, хэзээ ч оройтохгүй гэсэн тайван үзэл баримтлал энд бий. Өглөө нээгээд орой хаадаг гэсэн  үйлчилгээний хэвшмэл цагийн хуваариа энд мартаарай.  Орон нутгийн жижиг дэлгүүрүүд, 14:30 цагт ихэнх нь хаах ба ням гарагт ч ажиллахгүй байх нь элбэг. Арлуудын томоохон тосгонд бол ажлын өдрүүдэд ч шөнө дунд хүртэл дэлгүүр хэсэх боломжтой. Тэгэхээр гол нь аяллын агент юм уу зочид буудлаасаа ажиллах цагийн  хуваарийг лавлаарай.

Шашинд нь хүндэтгэлтэй хандаарай

Тайван зантай нутгийн оршин суугчдын нухацтай ханддаг нэг зүйл нь шашин. Тиймээс хэрэв сүм хийдүүдэд зочлох бол даруу төлөв хувцаслаж, биеэ зөв авч явахыг хичээгээрэй. 

Сонирхолтой үйлчилгээнүүд...

Грекийн арлууд дээр жуулчид илжиг унахаар олноороо дугаарладаг. Энэ нь монголчуудад магадгүй тийм ч сонирхолтой биш байж болох ч морь малнаас хол хөндий улсын иргэдэд дугаралахаас аргагүй үйлчилгээ юм. Мөн тус улсын  арлуудад загасны педикур гэж бий. Таны хөлийг загастай устай саванд дүрж,  усан доторх загаснууд хөлний үхэжсэн арьсыг иддэг үйлчилгээг загасны педикур гэж нэрлэжээ. 

Тамхины утаа...

Грект зарим жуулчдын дасахад хэцүү байдаг нэг зүйл бол тамхины утаа. “The Culture Trip” сайтын мэдээлснээр тус улсын нийт иргэдийн тал орчим нь тамхи татдаг. Тэгэхээр гудамжаар алхаж байхдаа дам тамхидалтад өртөх магадал өндөр гэсэн үг. Нэгэнт тэдний энэ зуршлыг өөрчлөх боломж бидэнд үгүй учир хэрэв та тамхины утаанд таагүй ханддаг бол эртнээс сэтгэл зүйгээ бэлдэхэд гэмгүй шүү.