Миний бие аялал жуулчлалын менежер, багш мэргэжилтэй энэ чиглэлээрээ дотоодын олон хурал, зөвлөгөөнд оролцож илтгэл хэлэлцүүлж байсан ч олон улсын хуралд илтгэгч буюу speaker хийх боломж хараахан олдоогүй байсан цаг үе.
Hanyang University сургуулийн профессор Nam Jo Kim эрхэмийн урилгаар 2016 оны 11 сард БНСУ-ын Андонг хотноо болсон “Зүүн хойд Азийн хамтын ажиллагаанд аялал жуулчлалын салбарын гүйцэтгэх үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын хуралд Монгол улсаа төлөөлөн илтгэгчээр оролцох боломж тохиосон юм.
Зүүн хойд Азийн 5 улс орон нийлж нийгэм, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой “Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбоо” буюу NEAR “North East Asia Region” байгууллагаас олон чиглэлээр бүс нутгийн чанартай хурал зохион байгуулдаг талаар тухайн үед анх удаа л сонсож, мэдэж авсан нь энэ үе билээ.
Монгол, БНСУ, ОХУ, Япон, БНХАУ гэсэн 5 улсын аялал жуулчлалын багш, судлаачид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй оролцогчдын өмнө эх орноо төлөөлөн илтгэл тавьсан нь миний хувьд томоохон челленж болсон.
Уг хуралд оролцоход хурлын 2 өдрөөс гадна аяллын 3 өдөр бүхий нийт 5 хоногийн хөтөлбөрөөр гадны төлөөлөгчид БНСУ-д зочилсон билээ. Би өөрөө ч мэдэлгүй MICE /Meeting, Incentive, Conference, Exhibition/ аялалд хамрагдчихсан хэрэг л дээ. Нэг сайхан зүйл нь хурлын гол илтгэгч учраас нислэгийн тийзээс авахуулаад аяллын бүх зардлыг хурал зохион байгуулагч NEAR байгууллагын зүгээс бүрэн даасан бөгөөд харин ч дээр нь нэмээд хөлс, урамшуулалтай гэж байгаа хэхэ.
Монголын талаас 21 аймгийн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, орон нутгийн аялал жуулчлалын холбоодын төлөөлөл, бизнес эрхлэгчдийн төлөөлөл миний хамт явсан бөгөөд эдгээр хүмүүстэй сайхан танилцаж одоог хүртэл аялал жуулчлалын салбарын төлөө хамтдаа зүтгэсэн сайн найзууд болсонд талархаж явдаг.
Миний анзаарсанаар тус олон улсын хурал англи, Солонгос хэл дээр явагдсан боловч Япон, Монгол, Хятад хэлээр шууд синхрон орчуулгатай, чихэвчээрээ долгионоо тааруулаад дээрх хэлийн алингаар нь ч хурлын илтгэлийг шууд сонсож болж байсан нь гайхалтай сайхан санагдаж байсныг энд дурьдах хэрэгтэй. Энэ нь зөвхөн хурлын үеэр төдийгүй хурлын дараах 1 өдрийн хотын аялалын үед ч шууд орчуулгатай явагдаж байлаа.
Энэхүү хуралд миний бие “Local tourism development policy in Mongolia and the successful case study of community based tourism” сэдвээр илтгэл тавьж оролцсон бөгөөд Монгол улсад “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал” буюу НИТАЖ хэрхэн хөгжиж буй амжилттай туршлагыг дурьдаж энэ чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын чиглэл, үр дүнгийн талаар танилцуулсан. Мөн илтгэлийнхээ төгсгөлд НИТАЖ-ын чиглэлээр зүүн хойд Азийн улс орнууд хэрхэн хамтран ажиллах боломж, хэрэгцээ шаардлага байгаа талаар өөрийн санал бодлоо илэрхийлсэн.
Аан тийм, энэ арга хэмжээ анх миний бодсончлон зөвхөн хурал байгаагүй бөгөөд дээрх 5 улсын аялал жуулчлалыг сурталчлах, нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн болсон нь надад их таалагдсан.
Олон улсын хурал, аялал жуулчлалын үзэсгэлэнгийн дараа хотын аяллыг нийт зочдын дунд зохион байгуулж Солонгос үндэстэний уламжлалыг хадгалж үлдсэн тосгонтой танилцсан нь бидэнд мартагдашгүй дурсамж үлдээжээ.